6.2 заалт Монгол улсын хөгжлийг нэг шат ахиулна.
"Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал”-ын талаарх хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна. Байгалийн баялагтай холбоотой оруулж байгаа өөрчлөлтийн талаар Уул уурхайн сайнд Д.Сумъяабазараас тодрууллаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал, төсөлд газрын доорх баялаг төрийн өмч гэдгийг нийтийн өмч болгох санал туссан. Та салбарын сайдын хувьд энэ заалтыг дэмжихгүй байгаа гэдгээ илтгэлдээ дурдлаа. Яагаад өмнөх заалтаараа явах ёстой гэж үзэж байгаа юм бэ?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр Монгол Улсын байгалийн баялагтай холбоотой заалт дээр санал гарсан. Уул уурхай хүнд үйлдвэрийн яаман дээр мэргэжлийн ажлын хэсэг байгуулж ажилласан. Энэ салбарыг удирдаж ажиллаж байгаа хүний хувьд хэдэн асуудал дээр анхаарах ёстой гэж үзэж байна. Байгалийн баялгийн засаглал гэж байна. Сүүлийн үед энэ тал дээр нэлээд ярьдаг болсон. Газар доорх баялгийг судалж мэдэх, үр шимийг нь ард иргэдийн амьдрал, улсын хөгжил, хойч үеийнхээ сайн сайханд зориулах ёстой гэж үзэж байгаа. Энэ явцад гарсан алдаа оноо бий. Үүнийг Үндсэн хуульд зааж, зохицуулах гэж оролдох нь цаашдаа биднийг байгалийн баялагтай холбоотойгоор Үндсэн хуулийн хямрал руу түлхэх эрсдэл бий болох вий гэж болгоомжилж байна. Үүнийг сайжруулахын тулд органик хуулиараа зохицуулаад явах бүрэн боломж байгаа. Монгол Улсын эдийн засаг уул уурхай дээрээ суурилж байгаа гэдэг нь ойлгомжтой. Нийт хөрөнгө оруулалт энэ салбар руу түлхүү орж ирдэг. Зөвхөн Оюутолгой төсөл дээр жишээ аваад хэлэхэд энэ төсөл сайн, муу хэлэгдээд явж байгаа. Засч сайжруулах зүйл бий. Хөрөнгө оруулагч талтай ширний ард суугаад Дубайн гэрээ буюу далд уурхайн санхүүжилт бүтээн байгуулалтын төлөвлөгөөг сайжруулах, Улаанбаатар гэдэг юм уу бодлогын бичиг баримт гаргах ёстой гэдэг байр суурьтай байна. Оюутолгойн бүтээн байгуулалтын ажил 2013 онд эхэлсэн цагаас хойш 2.4 орчим тэрбум ам.долларын санхүүжилтийг татвараа дамжуулан Монгол Улс авсан. Мөн шууд болон шууд бусаар 45 мянган ажлын байр бий болсон. Үүний ард хэчнээн хүний амьдрал байгаа билээ. 800 гаруй аж ахуйн нэгж ханган нийлүүлэлт хийж байна. Оюутолгойд 10 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орчихсон. Дэлхийн нэр хүндтэй 17 банк санхүүжүүлж зээл өгсөн. Тиймээс Монгол Улсын язгуур эрх ашгийг бодолцож зөв алхмуудыг хийж урагшаа явах ёстой.
-Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг яагаад өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байгаа юм бэ?
Үндсэн хуулийн 6.2 дахь заалт илүү ч үгүй, дутуу ч үгүй сайн зохицуулалт гэж бодож байгаа. Монгол Улсын онцлог, сонгож авсан хөгжлийн замд тохирсон заалт мөн. Байгалийн баялгийн засаглалыг салбарын хуулиар шийдвэрлэх бүрэн боломж байгаа. Үндсэн хуулийн 6.2-ын өнөөдрийн хүчин төгөлдөр заалт нь бүрэн хангаж байгаа гэж ойлгож байна. Мөн 59.2 гэж заалт байна. Орон нутгуудад тодорхой татварыг нь төлчихөөр уул уурхай, уул уурхайн эдийн засагтай холбоотой асуудал бас л гацаа руу явна. Бас л хямрал руу явах зохицуулалт 59.2 дээр байгаа гэдгийг хэлмээр байна.
-Мөн төр орд газрыг хөрөнгө оруулагчтай хамтраад эзэмшвэл 51 хувийг нь төр эзэмшээд татварын дараах ашгаас хүртэнэ гэж байна. Үүнийг хөрөнгө оруулагчид хэрхэн хүлээж авах бол?
-Хүлээж авахгүй шүү дээ. Би гаднын Элчин сайдуудтай энэ асуудлаар ярилцсан. Үндсэн хуулийнхаа суурь үзэл санаа, зарчмыг хөндөхгүйгээр захиргааны болон хүний эрхтэй холбоотой ч юм уу, шүүх засаглалтай холбоотой зүйлүүдээ тухайн үед нь шийдэж явсан жишээг ярьсан. Эдийн засагтай холбоотой асуудлыг муж, орон нутгийнхаа тухайлсан хуулиар зохицуулж явдаг. Эдийн засагтай холбоотой асуудал өдөр тутам, цаг тутам өөрчлөгдөж байдаг асуудал учраас тэр бүр Үндсэн хуулиа өөрчлөх нь утгагүй зүйл гэдгийг хэлж байгаа.
ЭХ СУРВАЛЖ http://itoim.mn/article/BZQDS/17773
ЭХ СУРВАЛЖ http://itoim.mn/article/BZQDS/17773

Comments
Post a Comment